November 12, 2009

Халтираа гулгаатай үед такси барьвал илүү мөнгө төлнө

11 Санал шүүмжүүд
Манай ажлаас гэр хүртэл, гэрээс ажил хүртэл тогтмол 1300 төгрөг гардаг боловч надаас бүгд 1500 төгрөг нэхдэг. Тэгээд өдөрт би 3000 төгрөгийг таксинд зарцуулдаг билээ.

Тэгсэн өглөөний сайхан цаснаар цээж дүүрэн амьсгалаад такси бариад ажилдаа иртэл 1800 төгрөг нэхэж уурыг минь хүргэв. 300 төгрөгөнд сүртэй юм гэж магадгүй л байх. Гэхдээ л мөнгө шүү дээ. Тэгээд 1500 гардаг учраа хэлтэл өөдөөс гэмгүй царай гарган "Гулгаа ихтэй байгаа болохоор илүү км заасан юм байлгүй" гэв. Учир мэдэхгүй, хужир тунгаадаггүй жолооч биш би бээр ихэд гайхаад 1500 төгрөгөө өгөөд жуумалзан таксинаас бууж ажилдаа орсоныхоо дараа жолооч болсон залуугаас асуутал халтиргаа гултгаатай үед машины урд талын дугуй хий эргээд км их гардаг гэнэ шүү. Үнэхээр л тэгдэг юм байлгүй. Жолооч биш хүн яаж мэдхэв. Дараа нь халтиргаатай үед такси бариад илүү мөнгө нэхвэл хөмсөг зангидхаасаа өмнө учрыг тунгаах хэрэгтэй юм байна шүү :D

November 4, 2009

Чиний ХОРДОХ эсэх нь надад хамаагүй

37 Санал шүүмжүүд
Бас л эмч, эмнэлгийн байгууллагатай холбоотой бичлэг. Сая Болор-Эрдэний энэ бичлэгийг уншаад бүүр бичмээр санагдаад тэссэнгүй.

Системээрээ буруу. Ийм үг сүүлийн үед их моданд орж байгаа болоод ч тэрүү ашиглах боломж олдож байгаад их баяртай байна. Манай  эмнэлгийн үйл ажиллагаа системээрээ буруу юм шиг санагдсан сүүлийн 4 хоногийн гүехэн туршлагаасаа бичих гэсэн юм.

Сүрьеэ өвчин их аюултай өвчин бололтой. Түүнийг илрүүлэх даацтай ажил хийж байгаа нь гэр бүл болохыг хүсэгчид болон жирэмсэн эхчүүдийг сүрьеэгийн үзлэгт хамруулах явдал бололтой. Сүрьеэтэй эсэхийг оношлохын тулд Цээжний Флюрографи зургийг авхуулна. Энэ нь рентген шинжилгээ хийлгэнэ гэсэн үг. Тэгэхээр эрүүл ч бай биш ч бай рентген туяагаар биеэ хордуулна гэсэн үг. Хэрэв нөгөө хүн маань хөл хүнд хүн байвал бүүр өөрийгөө хордуулаад зогсохгүй хэвлийд байгаа ургаа хордуулна гэсэн үг. Тэгээд хордуулан байж шинжилгээ хийлгээд цээжний зургаа эмчид өгөхөд ЭРҮҮЛ гэсэн хариу өгөх жишээтэй. Угаасаа сүрьеэ байтугай ханиадгүй хүн арга ч үгүй. Тэр хэвлийд байгаа хүүхдийн хордох эсэх нь огт хамаагүй, ёстой л гэсэн бол ёстой.

Миний бодлоор эхлээд сүрьеэгийн шинж тэмдэг байгаа эсэхийг тэр хүнийг үзсэний дараа тодорхойлоод шаардлагатай бол зураг авдаг байвал зүгээр юм шиг байгаа юм. Гэтэл үгүй юм аа.

Хамгийн инээдтэй нь цээжний зураг авах өрөөний үүдэн дээр РЕНТГЕН ШИНЖИЛГЭЭ МАШ ХОРТОЙ гэсэн бичиг наасан байгаа юм. Доог тохуу хийж байгаа юм шүү биднээр.

Бас нэгэн инээдтэй зүйл нь ЭХО -д дотор эрхтэнээ харуулаваа. Тэгсэн тэр нунжгай шингэн юмаа гэдэс, цээжин дээр минь дусаачихаад нэг жижиг аппаратаар хамаг биеийн маань гижгийг хүргэн байж гэдэс гүзээ, цээжээр нөгөө шингэнээ нялан байж элэг бөөр, дэлүүг минь харчихаад арчих цаас ч өгөхгүй буруу хараад суучих юм. Салфетка өгөхөө мартсан байх гээд асуутал "Өөрсдөө алчуураа авчрахад яадаг юм" гээд загнав. Үүнийг мэдээгүй би арга ядаад маскаараа биеэ арчлаа. ЭХО-ний өрөөнд нэг ариун цэврийн цаас тавьхад тэгж их дундарч дуусдаг төсөвтэй газар юм болов уу гэж бодоод бас өрөвдөх ч шиг.

Энэ  мэтээр арай гэж эмч дээр бүх шинжилгээгээ бариад очтол "4 сарын дараа ирээрэй. Бүүр өвдөөд муудвал ирнэ биз" гэж айлдаваа. Миний бүүр хөх инээд хүрч, хөхний сүү гоожих шахав. Тэр 4 сард би өвдөхгүй байвал миний аз болж таарах нь. Өвдүүлэхгүй байх ёстой хүн маань өвдөөд хэцүүдвэл ирнэ биз гэж байх шиг.

Энэ мэт инээдтэй зүйл их болох юм даа улсын эмнэлгүүдэд. Харин хувийн эмнэлгүүд хангамж арай өөр ч гэлээ хангалттай мөнгөгүй л бол зүглэх хэрэггүй газар.

Тэгэхээр өвчин тусах нь битгий хэл эмнэлгийн авах ёстой үйлчилгээгээ ч авахад хэцүү болсон  цөвүүн цаг байна шүү.

October 22, 2009

Богтлогдсон

39 Санал шүүмжүүд
Уруу газар ургана гэдэг чинь дээ хө
Улиас модны жам юмаа хө
Ургийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юмдаа хө
Хажуу газар ургана гэдэг чинь дээ хө
Хайлаас модны жам юмаа хө
Харийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юм даа хө...

Өчигдөр намайг бэр гуйж ирэхэд нагац эгчийн дуулсан дуу. Дуулахаасаа өмнө нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн. Тэгээд энэ дууг сонсоод сэтгэл нэг л сонин болов. Нагац ах маань “Манай нутгийнхан дуулах дуугаа ч бодож дуулдаг” гэж хэлэхэд ардын ухаан, монгол дуу гэдэг гүн гүнзгий утгатай юм гэдгийг ухаарах шиг боллоо.

Урьд цагт эрд гарсан бүсгүйг хүртэл булаагаад авдаг байсан. Тэр үед бүсгүй хүний дотор юу бодогддог байсан бол? Таньж мэдэхгүй хүний өвөрт, танихгүй хүний гэрт, танихгүй нутагт, аав ээжийн гэрээс хол, танил бүхэнгүй нутгийг гэрээ болгож насаараа амьдрана гэдэг ямар хэцүү бас их ухаан шаардсан зүйл байсан бол?

“Одоо ингээд чи манай хүн болсон” гэж хадам ах хэлэхэд ёстой л “Би юу хийчих вэ? Ээжийн охин хэвээрээ шдээ” ч гэж бодогдох шиг ккк...

Гэхдээ хэн ч надаас гэрлээч гэж гуйгаагүй байхад намайг бэр гуйгаад авчихна гэдэг чинь одоо би богцлогдсон гэсэн үг биздээ? Одоо цагт бас богцолж авдаг аавын хүү байнаа байна хэхэ.

October 7, 2009

Дэлхийн алдартай зургууд цуврал - Дайны үе

16 Санал шүүмжүүд
Хүн төрөлхтний бүтээсэн нэг аймшигт зүйл дайн. Дэлхийн 2-р дайн хэт удаан үргэлжилсэнээс болж бараг бүх цэргүүд нь философичид болсон гэдэг. Дайн гэж юу вэ? Би юуны тулд дайтаж байна вэ? гэхчилэн өөрийн эрхгүй бодогддог байсан биз. Яг үнэндээ бол би Монголд төрсөндөө баярладаг. Ямар азаар 2-р дайны үед Еврей болоод төрчихөөгүй юм, ямар азаар Палестин, Иракт төрчихөөгүй юм гэж боддог. Ингээд дайны үеийн олныг цочроосон зургуудыг та бүхэнд толилуулъя.



Вьетнамын дайн. 1972 он 6 сарын 8.

Зургийг Nick Ut гэх зурагчин авчээ. 9 настай Пан охин  нуруундаа хэд хэдэн түлэгдсэн шархтай гудамжаар уйлаад гүйж байх үед нь авчээ. Пан охин болон түүний эцэг эх өмнөд Вьетнамын оршин суугчид ба 1972 оны 6 сарын 8-ны өдөр хойд Вьетнамын цэргийн хүч онгоцоор охины амьдардаг тосгоны дээр бөмбөг хаяснаас уг үйл явдал болжээ. Одоо зураг дээрх бүсгүй маань Канадын иргэн болсон гэнэ. Магадгүй эх орондоо амьдрах нь түүнд олон таагүй дурсамжуудыг санагдуулдаг байх.



Вьетнамын дайн. 1968 оны 2 сарын 1

Уг дайны үеэр олон зургууд авагдсан боловч энэхүү зургийг чухалчилан үздэг нь Вьетнамын дайн нь угтаа Америкчуудаас болоогүй юм гэдгийг харуулжээ.

Зураг дээр Өмнөд Вьетнамын цагдаагын дарга хоригдогчоо цаазлаж байгааг харуулсан юм. Хоригдсон хүн юу ч хийсэн хамаагүй цаазлаж байжээ.



Дэлхийн II дайн. 1941 он

За энэ их танил арал байгаа биз. Saving Private Rain кинон дээрээс та бүхэн харсан байх. Гэтэл бодит амьдрал дээр ийм байж.







Дэлхийн II дайн. 


Хирошима, Нагасаки 2 хотод  Америкчуудын хаясан атомын бөмбөгнөөс болж Хирошима хотод 140 мянган хүн, Нагасаки хотод байсан 80 мянган хүн нас баржээ. Эдгээр хүмүүсийн 15-20 хувь нь бөмбөгдөлтөөс үүссэн гал түймэр, сүйдэлт, долгионд цохиулж нас барсан бол үлдсэн нь хорт хавдар болон бусад атомын бөмбөгөөс үүдсэн өвчнөөс болон нас баржээ.

Бөмбөгдөлтөөс 6 хоногийн дараа  Япончууд бууж өгсөнөөр II дайн дууссан гэдэг.







Дэлхийн II дайн 

II дайны үед хамгийн их хэлмэгдсэн ард түмэн бол яах аргагүй Еврейчүүд билээ.  

Уг хорих лагер нь Германы хамгийн эхний бөгөөд хамгийн том хорих лагер байж. Хоригдогсодын ихэнхи хувь нь Еврей, Польшууд байж. Үлдсэн нь улс төрийн гэмт хэрэгтэн, Хятадууд, шашны гэмт хэрэгтнүүд, гомочууд болон дайны ялтангууд байжээ.

Тэр үед  ямар ч айхтар ялгаварлан гадуурхдаг байж вэ дээ. Уг хорих лагерт нийтдээ 56,545 хүн нас барсан гэдэг тоо гарчээ. Үүнээс SS-ийн цэргүүдэд алуулсан - 33,462 хүн, буудуулсан - 8,483 хүн, дүүжлүүлсэн - 1,100 хүн, нүүлгэн шилжүүлэлтээр - 13,500 хүн нас баржээ.

6. Сүүлчийн Еврей



Дэлхийн II дайн - 1941 он


Украйны Виница хотод байсан сүүлийн Еврейг буудан хороож буй зураг. Тэр хотод нийт 28,000 Еврей байсан гэдэг ба бүгдийг нь хороосон байна.  

Уг зураг Einsatzgruppen -ийн нэгэн цэргийн хувийн альбомонд байжээ.











7. Гэрээ зурсан нь


1948 он.

Дайны дараа өнчин, эцэг эх, таних ойр дотны хүмүүсээсээ хагацсан хүүхдүүд олон байсан нь ойлгомжтой. Тэр хүүхдүүдийн зүрхэнд дайн ямар том хар толбо үлдээсэн нь тодорхой. Асрах төвд нэгэн охин самбар дээр утга учиргүй баахан зураас зурсан байна. Түүнээс юуны тухай зурж байгааг асуухад "Гэр" гэж хэлжээ.




8. Иво Жимад тугаа мандуулсан нь

Дэлхийн II дайн - 1945 он

Иво Жимад хийсэн тулааны тухай олон кино хийснийг та бүхэн мэдэх байх. Яг уг зураг дээрх 4 цэргийн амьдралыг харуулсан кино хийгдсэнийг та бүхэн үзсэн бизээ. Америкчууд Иво Жима арлыг эзэлсэн тэр үеийг буулгасан хамгийн алдартай зураг энэ билээ.





9. Reichstag -ийн туг

Дэлхийн II дайн - 1945 он


Зөвлөлтийн цэргүүд 1945 оны 5 сард Германы нийслэл Берлинд нэвтрэн ороход авсан зураг. Хэрэв та зургийг сайн анзаарвал дээш мацаж буй цэргийн 2 гарт цаг байгаа. Тэгэхээр мань хүн үхсэн цэргийн цагийг авсан, эсвэл хулгайч цэрэг байсан байх нь. Гэхдээ туг мандуулаад авсан азтай аавын хүү.



10. Үхэж буй цэргийн аврал




1962 оны 6 сарын 4, Венесүэлийн Пуерто Кабело тэнгисийн цэргийн бааз.

Уг цэрэг мэргэн буудагчийн овоо хараанд өртөн буудуулаад үхэхийнхээ өмнө гудамжаар явж байсан ламтан дээр очин зүүгдэж буй зураг.

Магадгүй диваажинд очихыг хүссэн байх уг цэрэг.









11. Цагаач эх



1936 оны 2 эсвэл 3 сар. Фото зурагчин Dorothea Lange.

Өлссөн, сэтгэл санаагаар унасан цагаач эх. Зурагчинг өөрийнх зургийг авч байхад тэрээр юу ч асуугаагүй гэнэ, зурагчин ч түүний тухай түүх, нэрийг нь асуугаагүй. Гагцхүү насыг нь л асууж. Тэрээр 32 настай байжээ.

Гэтэл 50 гарсан мэт харагдаж байгаа биз. Түүнд байсан гал цог, хүсэл эрмэлзлэл нь дайны хөлд үрэгдэж дээ.






12. Ганцын хүч

2006 он. Израйл.

Одоо арай орчин цагын зургийг харъя.

Израйлын цэргийн хүчнйи эсрэг ганц эмэгтэй. Уг зургийг авсанаар фото зурагчин Oded Balilty өндөр үнэлгээ авчээ. Олон ч шагнал бас авч.



13. Танкны эсрэг

2003 он Пакистан.

Палестин хүү Израйлын цэргийн танк руу чулуу шидэж буй нь.

Ийм багаасаа дайнд өөрийн хувь нэмрээ оруулж байдаг зоригтой хүү юм.










14. Хуту залуу

Rwanda гэдэг кино гарч олон түмнийг шуугиулаад Оскарт бараг номиници бүрээр өрсөлдөж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл яг амьдрал дээр хэдэн мянган хүн иргэний дайнд амь үрэгдсэн бол? Тутцигын босогчдын гарт эрэмдэг болтлоо тамлуулсан Хуту залуу.

1994 он Rwanda.



Эцэст нь Үнсэлт

Юутай ч дайн эхэлсэн л бол заавал дуусдаг. 1945 он, New York -ийн Times Square гудамж.

Дайн дуусаж дайнд явсан залуус эх орондоо эргэн ирж буй нь. Усан цэрэг энэ залуу хайртай бүсгүйгээ үнсэж байна гэж та бодож байна уу? Гэтэл үгүй юм. Уг залуу маань баярласан уу, дүрсгүйтсэн үү ямартай ч зөрөн өнгөрсөн сувилагч бүсгүй бүрийг барьж аван үссэн байна. Харин уг бүсгүйг үнсэж байхад нь Alfred Eisenstaedt зурагчин зургийг нь авсанаар түүхэнд тодоор үлдэх алдартай зураг болжээ. Харин үнсэж дууссаных нь дараа сувилагч бүсгүй маань сахилгагүй залууг сайн гэгч нь алгадаад авсан гэнэ лээ шүү :P


October 5, 2009

“Блог бидний амьдралд” өдөрлөгийн эргэн тойронд

3 Санал шүүмжүүд
Өнгөрсөн баасан гарагт буюу 10 сарын 2-нд IT Park дээр Блог бидний амьдралд нэртэй өдөрлөг болсон билээ. Ажлын өдөр байсан болохоор бага хүн ирсэн боловч олон хүнд хэрэгтэй мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. Ялангуяа Санакаегын илтгэлээс Адсенсийн талаар өөрийн мэдэхгүй олон зүйлийг мэдэж авав.

За би бээр өөрөө Блог ба Аюулгүй байдал сэдвээр илтгэл тавьсан. Илтгэл тавьж байх үедээ сандарсан уу, мартсан уу 10 секунд хэртэй чимээгүй зогссон тал бий бий :D

Monkey.mn сайт дээр илтгэлүүдийг тавьна гэсэн. Тэгэхээр очиж амжаагүй хүмүүс нь илтгэлүүдийг унших боломжтой болсон. Би өөрийн илтгэлийг блог дээрээ бичлэг болгож оруулнаа. PPT файлаар тавьбал хүмүүст ойлгомжгүй байх болов уу.

Харин надад уулзаагүй удсан блогчидтойгоо, бас блогоор нь сайн мэдэх ч уулзаж байгаагүй блогчидтойгоо уулзаж авсан сайхан өдөр байв. Өдөрлөгийг эхлүүлэх гээд Зараа ахтай ярилцаад Санакаегын утсыг хайгаад зогсож байтал мань хүн хажууд зогсож байсан байгаа юм ккк. 2007 оноос хойш Messenger –р харилцаж байснаас биетээр уулзаж байгаагүй тул хажууд зогсож байсныг нь мэдэхгүй “Санакае ирээгүй байна шдээ” гэтэл “Би байна шдээ” гээд хажууд зогсож байгаа юм даа.

Бас Ганга эгчтэйгээ уулзаж хацар дээрээ үнсэлцэж авав. Бодож байснаас өөр хүн байсан шүү. Их намбалаг сайхан эгч байна лээ. Бум-Эрдэнэ ахтай уулзав аа бас. Ах маань миний төсөөлж байснаас бүүр өөр хүн байна лээ хэхэ. NTV-ийн Зочны цаг нэвтрүүлгээр харж амжсангүй гэж бодож байтал өдөрлөгөөр тааралдав.

Мөн Өнөөгийн Монгол сэдвээр насанд хүрэгчдийн дунд блог нийтлэлийн уралдаан зарласныг хүмүүс мэдэх байх. Гэтэл 3р байранд нэг бяцхаан, жижигхээн, жоохоон хүүхэд шалгарав. Сүрхий хүүхэд байна лээ шүү. Тэр охин насанд хүрсэн үү, үгүй юу мэдэхгүй :P

Монголын блогчид маш олон болох болтугай гэж ерөөе.

September 18, 2009

Моонки цэг Эм Эн

5 Санал шүүмжүүд
Монголын блог портал энэ шинэхэн сайт үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа хэдий ч маш олон хэрэглэгчидтэй болсон байгаа билээ. Порталын дизайн нь  өвөрмөц, нүдэнд дулаахан, цомхон бөгөөд ойлгомжтой.

Монки Тийм-ийн зүгээс одоо Өнөөгийн Монгол нэртэй блог нийтлэлийн уралдааныг зарласан  байгаа. Гэтэл бас 7 хоног бүр шилдэг нийтлэлээ тодруулдаг юм байна. Тэгсэн эхний 7 хоногийн шилдэг нийтлэлээр миний ЭНЭ нийтлэл шалгарсан байх юм. Зараа ахыг хэлэхээр нь баярласан гэж яаваа. Энэ талаарх мэдээллийг ЭНДЭЭС уншаарай. Тэгээд та бүхэн ч Моонки Эм Эн-д нийтлэл бичиж  байгаарай, тэр шагналыг нь аваарай, Өнөөгийн Монгол блог нийтлэлийн уралдаанд нь ороорой гэж хүсье.

September 12, 2009

Дэлхийн хамгийн алдартай 10 фото зураг

12 Санал шүүмжүүд
1. Афганистан охин [1984]



Уг зургийг  National Geographic-ийн фото зурагчин Steve McCurry авчээ. Зураг дээрх охины нэр Sharbat Gula, дүрвэгсдийн лагерь дахь нэгэн сургуулийн сурагч аж. Уг охин зургаа авхуулж байхдаа ойролцоогоор 12 настай байсан гэдэг.
Фото зурагчин: Steve McCurry

2. Omayra Sánchez [1985]


Omayra Sánchez нь 1985 оны 11 сарын 14-нд болсон Колумбын Nevado del Ruiz галт уулын дэлбэрэлтэнд өртсөн 25,000 хүний нэг бөгөөд тэрээр усан дотор нэгэн төмөр бетоноос зууран 3 хоногийн турш байсан байна. Уг зургийг авсан зурагчинг Колумбын засгийн газар шүүхэд өгч эмгэнэлт явдлыг олон түмэнд зарласан гэж буруутгасан байна. Гэвч охиныг нас барсны дараа уг зургийг дэлхий даяар цацжээ.
Фото зурагчин: Frank Fournier

03. Черчилын хөрөг зураг [1941]


Уг зургийг  Канадын зурагчин  Yousuf Karsh авсан байна. Уг хөрөг зураг нь дэлхийн хамгийн их хуулбарлагдсан зургаар тодорчээ.
Фото зурагчин: Yousuf Karsh

4. Косовогын дүрвэгсэд [1999]


Уг зураг нь Вашингтон Постын зурагчны авсан зураг ба Косовогын дүрвэгч 2 настай Agim Shala хүү хэрхэн төмөр торны цаанаас өвөө эмээ дээрээ очин Арабын нэгдсэн Эмират руу дүрвэх гэж байгаа зураг юм. Хүү эцэг эхтэйгээ Косовогийн мөргөлдөөн намжсаны дараа эргэн нийлсэн байна.
Фото зурагчин: Carol Guzy

5. Өвчтэй хүү хоол хайн мөлхөж буй нь [1994]


Дээрх зургийг  1994 оны Суданы өлсгөлөнгийн үеэр авчээ. Зураг дээрх хүү 1 км-ын цаана байрлах НҮБ-ийн хоол тараадаг лагер луу мөлхөж явсан ба дэргэдэх тас шувуу хүүгийн үхлийг хүлээн даган явсаар байсан байна. Энэ зураг дэлхийг тэр чигт нь цочроов. Үүний дараа хүүд юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй ба зургийг  авсан фото зурагчин Суданыг орхисноос 3 сарын дараа сэтгэлийн гутралаа давж чадалгүй амиа хорложээ.
Фото зурагчин: Kevin Carter

6. Тусгаарласан угаалтуур [1950]


Энэ зургийг  хараад бүгд ойлгох биз. Америкад 1800 оноос эхлэн ноёрхсон арьс өнгөөр ялгаварлах үзлийг бүгдэд харуулсан зураг.

Фото зурагчин: Elliott Erwitt, Magnum Photos

7. Өөрийгөө шатааж буй лам [1963]


1963 оны 6 сарын 11-нд Вьетнам ламтан Сайгон хотын их хөлийн бүсэд өөрийгөө шатааж тухайн үед өмнөд Вьетнамын засгийн газрыг удирдаж байсан Деймийн Католик дэглэмийн залхаан цээрлүүлэлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.   
Тэрээр шатаж байхдаа нэг ч булчингаа хөдөлгөөгүй гэнэ.
Фото зурагчин: Malcolm Browne

8. Амар тайван [~2000]


Компьютер хэрэглэдэг хүн бүрийн мэдэх зураг. Уг зураг дээрх газар Калифорниагын Сонома уулын хөндий юм. Уг зургийг  авсныхаа төлөө фото зурагчин маань зар сурталчилгаанаас 200 сая доллар авсан байна. Гайхалтай биш гэж үү?
Фото зурагчин: Charles O’Rear

9. Triangle Shirtwaist-ийн түймэр [1911]


Уг зураг дээрх цогцоснууд нь  Triangle Shirtwaist компаны гаднах талбайд хэвтэж буй юм. Компанийн дүрмээр бол ажлын цагаар компанийн гаднах хаалга үргэлж цоожтой байх ёстой ба ингэснээр хулгай гарахгүй гэдэг байжээ. Гэнэт түймэр гарснаас бол 146 хүн нас баржээ. Тэдний ихэнхи нь цагаач эмэгтэйчүүд байж.
Фото зурагчин: Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын ажилтан


10. Карл Марксын хөрөг.




 За энэ хүнийг бүгд мэдэх бизээ. 


Эх сурвалж: http://wickedreport.com

Үүн дээр өөрийн бодлоо хэлэхэд манай монголын фото зурагчид олширч, сайн зургууд авч байгааг  та бүхэн Агшин, Зураг, Сүүдэр, Виндов зэрэг фото сайтуудаас харж болно. 
Миний ажигласнаар зурагчид эхлээд цэцэг авч гараагаа эхэлдэг юм байна лээ :P. Бас нэг онцлог нь манай олон зурагчид өнгөний хэт их мэдрэмжтэй. Зургийнхаа өнгийг хэт ихэсгэсэн нь жаахан хуурамч харагддаг ч дэлхийн хэмжээнд танигдсан сайн зурагчид болохыг гэж ерөөе.
Монголын зурагчид маш олон болох болтугай :)

September 8, 2009

Коктейльний түүх хийгээд коктейль парти

11 Санал шүүмжүүд
Хүн болгонд мөрөөдөл байдаг шдээ. Би тэгэхээрээ тэгнэ дээ гэсэн. Надад нэг ийм мөрөөдөл байдаг юм. Тусдаа гарахаараа мини бартай болоод тэндээ коктейль хийж найзуудыгаа дайлна гэсэн. Гэхдээ байнга урьж дайлаад, олон түмний хөлд дарагдах биш хааяадаа тэмдэглэлт өдрүүдээр олуулаа бужигнах гэж л (лаг нүхээ малтсан хэхэ)
Тооны хичээл дээр зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь гэж ирээд л заадаг. Тэрэн шиг хүрэлцээтэй нөхцөл нь бүрдэж тусдаа гарж байгаа болохоор коктайл хийх талаараа бодож эхэлсэн. Коктейль хийдэг ком бол Номин их дэлгүүрт 35К гээд байдаг юм билээ. Ганц хэцүү зүйл нь коктейльны найрлаганд орох архи, дарс, жин, рум зэрэг л байна. За хаанаас ч юм олж болох боловч тун чиг л үнэтэй тусах байх даа. За ингээд коктейльний түүхээс цухас тонирхуулъя.

Коктейльний түүх
XIX зуунаас анх коктейлийг хэрэглэж ирсэн байна. Хамгийн анхны коктейль хийж байсан тухай материал 1803 оны 4 сарын 28-нд хэвлэгдсэн The Farmer’s Cabinet номонд байжээ. Мөн анхны коктейльний тодорхойлолтыг 1806 оны 5 сарын 13-нд хэвлэгдсэн The Balance сэтгүүлд (АНУ-ын) бичиж байсан байна. Уг тодорхойлолтонд “Коктейль гэдэг нь ликёр, бүх төрлийн спирттэй шингэн, сахар, ус болон гашуун амтат шингэний холимогыг хэлнэ” гэсэн байжээ.
Анхны орчин үеийн коктейлийг Мартини хэмээн нэрлэж олон түмний хүртээл болгожээ. Уг коктейль нь Martinez (1862 он) хэмээх коктейлийн найрлагын гол бүрэлдэхүүн нь болсон байна. Martinez-ийн найрлаганд чихэрлэг улаан вермут дарс, жин ордог ба тоороор чимэглэдэг байна. Уг найрлагыг Jerry Thomas гэх эрхэм maraschino болон лимоны шүүсээр амталж багахан өөрчилсөн байна. Ингээд л шинэ шинэ коктейлиуд ар араасаа цуварч оюун ухаант хүн төрөлхтний төсөөллөөр шинэ шинэ коктейлиуд төрөн гарч эхэлсэн байна.
Одоо бидний уудаг хуурай мартинийн найрлаганд жин, цагаан вермут дарс ордог ба чидун жимсээр чимэглэдэг билээ. Хэрэв та анзаарсан бол James Bond-ийн цувралд гол дүрийн агентийн уудаг коктайл нь үргэлжид хуурай мартини байдаг. Гэхдээ хуурай мартинийн харагдах нь анги анги шинээр гарах тусам өөрчлөгдөж байдаг. Эхэндээ гурвалжин хундаганд хийсэн цагаан мартиниг зөөгч авч ирж өгдөг байсан бол яваандаа чидун жимсээр амтлан, бүүр сүүлийн анги дээр өнгөн давхарга үүсгэсэн байдаг. Ингээд л хүний төсөөллөөр коктайлууд зулай зулайгаа гишгэн бий болдог байх нь. (эсвэл хундага хундага тагшин ккк...)

 1934 – 1959 он бол гайхамшигт нээлтийн жилүүд юм. 1948 онд анх Маргарита төрөн гарчээ. АНУ-ын Даллас хотын нийгмийн ажилтан Маргарита Самис хэмээгч хатагтай гэртээ Зул сарын үдэшлэг хийж байгаад санамсаргүйгээр текила, далдуу модны шүүс хольсноор уг ундааг гаргаж авсан бөгөөд үдэшлэг дээр байсан хүмүүс уг ундааг тамшааж түүний нэрийг бүхэл америк даяар түгээжээ.
1900 оны сүүлийн хагаст хувийн бар, ресторан ажиллуулдаг хүмүүс өөр өөрсдийн брэнд болох өнгө, үнэр, амтаар ялгарсан коктейлиудыг хийж олны хүртээл болгосоор ирсэн байна. 
Миний бодлоор бол эхэндээ олоход хялбар найрлагуудаар хийсэн коктейлиар найзуудыгаа дайлнаа. Ингээд жагсаагаад бичвэл:
1. B52
Найрлага: Kahlua, Bailey's Irish Cream, Grand Marnier
B52 коктайлын түүх.
B52 нь Вьетнамын дайнд ашиглагдаж байсан бөмбөгдөгч онгоцны нэр юм байна. Анх 1977 онд Keg Steakhouse гэдэг хүн хийж олны хүртээл болгосон байна. Танд баярлалаа.
Уг коктайлын санааг цааш нь дэлгэрүүлээд В53, В54, В55, В56, В57, В61 гэх нэртэй коктайлуудыг бүтээжээ. Эдгээрийн ялгаа нь амарето, ванил, водка, какаоны крем хольсноороо ялгагддаг юм байна.



2. Black Russian


Найрлага: Kahlua, Vodka

Түүх.
Анх 1949 онд Бруселийн Метропол нэртэй зочид буудлын бармен залуу хийж байжээ. Тэгээд л нэртэй коктайл болсон байна.





3. White Russian
Найрлага:  Vodka, Kahlua, Cream. Заримдаа cream -ны оронд сүү ч хийж болдог.

Түүх.
Анх 1965 оны 11 сарын 25-нд АНУ-ын Калифорн мужийн Оакландад хийгдсэн байна. Хэн гэдэг хүн хийсэн талаарх мэдээлэл байсангүй.
Энэ дээрх Black, White Russian коктайл нь Оросын уламжлалт сархад биш юм. Зүгээр л алкохолын найрлага их болохоор л тэгж нэрлэсэн бололтой.



4. Irish Creme

Найрлага : Baylies, Vodka

Түүх.
1974 онд анх бий болсон ба Irish виски, ликёр, кремийг хольж  Байлисийг гаргаж авсан байна. Ингээд л Baylies -ийн найрлагатай олон олон коктайл гаргаж авах үндэс суурийг тавьж өгч ээ.





5. Bloody Mary
Найрлага : за найрлаганы гол бүрэлдэнхүүн нь архи, лоолийн шүүс. Тэгээд өөрийн хүслээрээ хольж өгнө дөө. Уг 2 дээр тобаско саус, чидун жимс, давс гэх мэтийг нэмээд чимэглэнэ.

Түүх.
Анх 1926 онд New York-ийн нэгэн барны эзэн болох Fernand Petiot уг ундааг сэдсэн байна. Ингээд л олны хүртээл болж дээ.
За ингээд өнөөдөртөө дуусгая. Маргаашнаас үргэлжлүүлнээ.

September 4, 2009

Зүүд, аймшигтай зүүд

8 Санал шүүмжүүд
Зүүдний учрыг эрдэмтэд, энэ шинжлэх ухаан гээч зүйл нь хурдан тайлаасай. Тэгээд учир начирыг нь ойлгох юмсан. Бага байхад зүүд гэж учир нь олддоггүй эд байдаг байлаа. Одоо томроод ирсэн биш зүүд илүү утга учиртай, илүү нарийн ширийн, бас дэндүү бодит болоод ирэх юм.
Сайхан зүүд, жишээ нь, ойд аялж байтал моднуудаас нь элдэв сайхан жимс жимсгэнэ ургачихсан, би авч идээд л гэж зүүдэлвэл илүү бодит байх тусмаа сайхан. Гэтэл эсрэгээрээ үнэхээр хар дарсан зүүд зүүдэлвэл аймшигтай. Өвдөлт нь хүртэл мэдрэгдэнэ. Өчигдөр шөнө дунд уйлагнаж сэрэв. Амьдралыг мартагдуултал зүүд тийм бодит байсан гэхээр итгэмээргүй.

August 26, 2009

Киноны тусгай эффект хийдэг ПХ-ууд ба Цахирмаа

11 Санал шүүмжүүд
Transformers – Revenge of the Fallen киноны тусгай эффектүүдийг хийхэд 350 чадварлаг инженерүүд өдөр шөнөгүй ажиллаж байлаа гэж ирээд л кино сурталчилгаа эхэлсэн санагдаж байна.

Одоо кино хийнэ гэдэг амар ажил биш болсон. Хүмүүс илүү их зүйлийг шаарддаг болсон болохоор тусгай эффект, дуу алдам animation байхгүй бол тэр кино амжилт олохгүй нь тодорхой болжээ. Үүнийг өөрийн мэргэжлийн зүгээс хараад нэг бичлэг бичье гэж бодлоо.

Мэдээж тэр тусгай эффект, animation-уудыг хийхэд програм хангамж болон маш сайн супер компютерүүд хэрэг болно. Хамгийн энгийн програм хангамж (ПХ) гэхэд IMAX гэх програм байна. Энэ нь дүрсийг хэд дахих томруулж дууг хэд дахин чанга гаргах чадал бүхий систем юм. Үүнийг та бидний үзэх дуртай Transformers, Jurassic Park, Star Wars зэрэг кинонуудыг хийхэд ашигласан. Мөн IMAX камер гэж байх ба түүгээр дүрсүүдийг авч янзалдаг байна.

AutoDesk 3D Max гэх 3D дүрс үүсгэн ажиллах програм хангамж байх ба түүний үнэ нь 3,495$. Мөн Autodesk Softimage гэх тусгай эффекс гаргах боломж бүхий ПХ байх ба үнэ 4,695$. Энэ бол тэр олон ПХ-уудын бяцхан хэсэг нь.

Бөгжний эзэн кино хамгийн их тусгай эффектүүдийг ашигласан бүтээл болохоор уг киног хийхэд ямар ПХ ашигласныг дурдъя.

MASSIVE – Олон түмэн холхилдсон хэсгийг хийхэд ашигладаг. Жишээ нь байлдаан, тулаан, цэнгэлдэх дүүрэн хүн гэх мэт. Бөгжний эзэн дээр маш олон тулаан, нүсэр арми гардаг. Энэ бүхнийг уг програмаар хийсэн байна. Мөн уг програмыг дараахи кинонуудыг хийхэд ашиглажээ. The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe, King Kong (Jackson 2005), I, Robot, 300, Wall-E гэх мэт.

RealFlow – Ямар нэгэн шингэн урсамтгай зүйлийг дуурайлган хийх (Бөгжний эзэн дээр галт уулны лаваг уг ПХ-ээр хийсэн), усны гадаргуу, шингэн зүйлсийн харилцан үйлчлэл, том биетүүд, хатуу зөөлөн, сүлжилдсэн биетүүдийг үүсгэх, хийхэд ашигладаг. Уг програмыг X-Men 3: The Last Stand, Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street, Benjamin Button, The Da Vinci Code, 300, The Matrix Reloaded, Tomb Raider, Lost (TV series) зэрэг кинонуудыг хийхэд мөн ашигласан байна.

Artificial intelligence – Өөрийн ой ухаантай машинуудыг бүтээхэд ашигладаг.

Motion database – За энэ бол тодорхой. Гүйх, хариах, зугтах, үхэх зэрэг бүхий л хөдөлгөөнүүдийг хадгалдаг бааз байх нь. Үүний програм хангамж + сервер ямар үнэтэй байх вэ гэдэг нь ойлгомжтой.

Мэдээж эдгээр програмуудыг та бидний өдөр тутам ашигладаг компютерүүд дээр ажиллуулна гэж байхгүй. Тусгай супер компютерүүдийг ашиглах ба тэдгээр нь маш үнэтэй тул Бөгжний эзэн киног хийхэд супер компютерүүдийг түрээсэлж ашигласан гэдэг.

Кино хийх төсвийн багагүй хувийг эдгээр ПХ-ууд болон түүнийг ажиллуулах техник төхөөрөмжүүд, мөн эдгээрийг ашиглахыг эзэмшсэн IT инженерүүдийн цалин хөлс эзэлдэг байх нь.

Ийм их оршил бичсэн нь би өчигдөр Цахирмаа киног үзсэнтэй холбоотой. Монголын анхны компютер график ашигласан кино. Гэтэл тэр 90-д минутын киноны тусгай эффектүүдийг ганцхан залуу хийсэн гэнэ.

Transformers үзсэн хүний хувьд Цахирмаа мэт нь тун хөгийн харагдах байх. Гэхдээ юм бүхэн ингэж л хөгждөг. Кино багынханы хувьд дээрх олон ПХ, компютерүүдийг авах мөнгө байхгүй тул кракдаж олсон програмаа гайгүйхэн шиг үзүүлэлттэй ПиСи дээр суулгаад л тамын ажлаа эхэлсэн нь ойлгомжтой.

Та бүхэн голж шилэлгүй уг киног сайн үзээрэй. Учир нь таны оруулсан хөрөнгө оруулалт дараагын удаад нэг ПХ авахад, өөр нэг графикч залууг хөлслөхөд, магадгүй өмнөх ганцаараа уг киног хийсэн залууг гадагшаа 6 сарын сургалтанд сургахад, илүү сайн график ашигласан кино хийхэд маш том хөрөнгө оруулалт болох юм.

Дараагын удаад илүү сайн графиктай, илүү чанарлаг кино бүтээхэд та бид хөрөнгө оруулалтаа хийцгээе.


Let's chat dude


All I wrote

Last updated blogs

Visitor's counter

Free Website Counters
 
Pearle Deppsu